“CACCI-гаар дамжуулан бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх нь” олон улсын хурал боллоо

Монгол Улсад үргэлжилж буй Ази, Номхон далайн бүс нутгийн ХАҮТ-уудын нэгдсэн Холбоо (CACCI)-ны Ерөнхийлөгч Джамал Инайшвилигийн айлчлалын хүрээнд “Ази, Номхон далайн бүс нутгийн ХАҮТ-уудын нэгдсэн Холбоогоор дамжуулан бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх нь” сэдэвт олон улсын хурал Улаанбаатар хотноо өнөөдөр боллоо.

Ази, Номхон далайн бүсийн 8 орны  ХАҮТ-уудын 30 гаруй төлөөлөгч хүрэлцэн ирж оролцож буй дээрх хурлыг МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч бөгөөд Удирдах зөвлөлийн дарга Б.Лхагважав нээж, Ази, Номхон далайн бүсийн ХАҮТ-уудын нэгдсэн Холбоо (CACCI)-ны Ерөнхийлөгч Джамал Инайшвили болон Торгоны замын Олон улсын Худалдааны танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Ли Жунхан нар үг хэлж, Монгол Улсын Ерөнхий сайдаас ирүүлсэн мэндчилгээг Ерөнхий сайдын ахлах зөвлөх Н.Энхбаяр уншиж танилцуулсан юм.

Нэгдсэн хуралдаанаар ГХЯ-ын Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирал Г.Өлзийсайхан “Монголын худалдаа, эдийн засгийн өнөөгийн байдал”-ын талаар, Үндэсний хөгжлийн газрын мэргэжилтэн Б.Төгөлдөр “Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин”-ы талаар, БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга С.Баясгалан манай улсын аялал жуулчлалын салбарын талаар танилцуулж, ХХААХҮЯ-ны ЖДҮ-ийг хөгжүүлэх газрын ахлах мэргэжилтэн О.Бадамханд “Монголын ЖДҮ-ийг дэмжих бодлого, Ази, Номхон далайн оруундтай хамтран ажиллах боломж” сэдэвт илтгэл тавьсан юм.

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч бөгөөд Удирдах зөвлөлийн дарга Б.Лхагважаваас олон улсын ХАҮТ-уудын том арга хэмжээ манай улсад анх удаа болж буйн ач холбогдол, үр дүнгийн талаар тодруулахад, "Тэрбээр  “Өнөөдөр Монголд Ази, Номхон далайн бүсийн ХАҮТ-уудын хоёр том системийн уулзалт болж байна.

Нэг нь Ази, Номхон далайн бүс нутгийн ХАҮТ-уудын нэгдсэн Холбоо (CACCI)-ны удирдлагын айлчлал, нөгөөдөх нь БНХАУ-ын зүгээс байгуулсан “Торгоны зам”-ын Олон улсын Худалдааны Танхимын төлөөлөл мөн энэ арга хэмжээнд оролцохоор манай улсад ирсэн явдал юм. Тэгэхээр бидний өмнө өнөөдөр олон улсын ХАҮТ-уудын энэ хоёр том систем бүхий механизмыг Монгол Улсын эдийн засгийн хөгжил, бизнесийн орчинд яаж давуу тал болгон ашиглах вэ гэдэг асуудал гарч ирж байна. Бид өнгөрсөн 20 жилд олон улсын байгууллагуудын арга хэмжээнд зөвхөн очиж оролцох хэлбэрээр явж ирсэн. Одоо харин бид өөрсдөө зохион байгуулж байгаа нь давуу тал бөгөөд хөгжлийн хэрэгслүүр болгох боломжтой. Үүнийг манай бизнесийнхэн сайн ашиглаж чимх чимхээр, атга атгаар үр дүнг хүртэж өөрсдөдөө наах учиртай юм. Энэ утгаараа өнөөдрийн арга хэмжээ чухал ач холбогдол өгч байгаа юм” гэв.

Түүнчлэн, Ази, Номхон далайн бүс нутгийн ХАҮТ-уудын нэгдсэн Холбоо (CACCI)-ны Ерөнхийлөгч Джамал Инайшвилигийн сэтгэгдлийг сонслоо.

Тэрбээр, “Энэ удаагийн уулзалтаас бид маш их зүйл хүлээж байгаа. Ялангуяа өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгч, Гадаад харилцааны  сайд нар хүлээн авч уулзсан. Энэ уулзалтын дараа бид бусад орны хөрөнгө оруулагчидтай уулзаж, ярилцана. Энэ удаагийн чуулга уулзалтад оролцож байгаа гадны төлөөлөгчид Монголд хөрөнгө оруулах ямар боломж байна вэ гэдгийг маш их сонирхож байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгч болон Засгийн газар онцгой анхаарал тавьж ажиллаж байгаа. Мөн Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимаас Монголд ямар чиглэлээр хөрөнгө оруулалт татах боломжуудыг танилцуулах, мэдээллийг хүргэж байгаа нь хөрөнгө оруулалт татах боломжийг илүү өргөн болгож байна. Монголд хөрөнгө оруулалт татах маш өргөн боломж байгаа” хэмээн онцоллоо.

Ази, Номхон далайн бүсийн ХАҮТ-уудын нэгдсэн Холбоо (CACCI)-ны Ерөнхийлөгч Джамал Инайшвилиг дагалдан манай улсад дээрх холбооны орлогч захирал Амадор Хонрадо, БНХАУ-ын “Торгоны зам”-ын Олон улсын Худалдааны танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Ли Жунханыг дагалдан тус Танхимын Санхүүгийн хорооны дарга Давид Кианг нар мөн хүрэлцэн ирсэн бөгөөд тэд өнөөдрийн уулзалтад хамтын ажиллагааны чиглэлээр илтгэл тавьж хэлэлцүүлсэн юм.

Чуулганыг хааж МҮХАҮТ-ын дарга, CACCI-гийн Дэд ерөнхийлөгч М.Оюунчимэг хэлэхдээ, Ази, Номхон далайн бүс нутгийн ХАҮТ-уудын нэгдсэн Холбоо (CACCI)-ны Ерөнхийлөгч Джамал Инайшвилигийн айлчлал, түүний хүрээнд зохиогдсон хоёр өдрийн арга хэмжээ бүс нутгийн эдийн засаг, бизнесийн харилцаанд чухал хувь нэмэр оруулахуйц үр дүнтэй, өгөөжтэй болсныг тэмдэглээд цаашид тус холбооноос зохиох арга хэмжээ, уулзалтуудад МҮХАҮТ-ын зүгээс өндөр ач холбогдол өгч, бизнес эрхлэгчдээ өргөнөөр оролцуулах болно хэмээн онцоллоо.

Дашрамд тодруулахад, Австралийн Сидней хотноо хуралдсан Ази, Номхон далайн бүсийн ХАҮТ-ын Нэгдсэн Холбоо (CACCI) болон Дэлхийн ХАҮТ-ын холбоо (WCF)-ны нэгдсэн 10 дугаар уулзалтаар Ази, Номхон далайн бүс нутгийн ХАҮТ-уудын уулзалтыг манай улсад хийхээр шийдвэрлэсний дагуу ийнхүү CACCI-ийн 2018 оны уулзалтыг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулж байна. Энэхүү уулзалтыг өөрийн оронд зохион байгуулах эрхийн төлөө МҮХАҮТ Шри-Ланка болон Турк улсын ХАҮТ-тай өрсөлдөж шалгарсан юм.

Search